Монгол Улсад хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр болон зуслангийн орчимд орж ирэх тохиолдол сүүлийн үед нэмэгдээд байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллээр 2026 оны Есдүгээр сарын байдлаар 12 аймагт сүүлийн нэг сарын хугацаанд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ. Мэргэжлийн байгууллагууд үүнийг ган, хуурайшилт, идэш тэжээлийн хомсдолтой холбон тайлбарласан.
Энэ нөхцөл байдлын шалтгаан, баавгайн зан төрхийн өөрчлөлт болон цаашид авах арга хэмжээний талаар МУИС-ийн багш, доктор Д.Өсөхжаргалын байр суурийг хүргэж байна. Түүний хэлснээр, одоогийн нөхцөл байдлын хамгийн анхаарал татах зүйл нь суурьшлын бүс рүү орж ирж байгаа баавгайн дийлэнх нь бие гүйцсэн амьтад бус, бамбарууш байгаа явдал аж.
“Бие гүйцсэн маахай байхгүй, дандаа бамбаруушнууд суурьшлын бүс рүү орж ирж байгаа нь дунджаас хазайсан үзэгдэл” хэмээн тэр тайлбарлав.
Бамбарууш байгалийн орчинд амьд үлдэхийн тулд эхээсээ идэш тэжээлээ хэрхэн олох, ангуучлах, улирлын онцлогт тохируулан хоол тэжээлээ сонгох зэрэг олон дадлыг эзэмшдэг. Харин эхээсээ эрт салсан болон идэш тэжээлийн хомсдолтой үед бамбарууш өөрөө хоол тэжээл хайх шаардлагатай болдог байна. Ингэснээр байгалийн нөхцөлд хангалттай идэш тэжээл олдохгүй байгаа бамбарууш хүн амын суурьшлын бүсэд ойртож, айлын бууц, малын хот, хог хаягдал болон хүний бий болгосон хүнсний эх үүсвэрийг дагах эрсдэлтэй. Мөн мэргэжилтний тайлбарласнаар, баавгай ичээндээ орохын өмнө тодорхой хугацаанд эрчимтэй хооллож, тарга тэвээрэг авах шаардлагатай байдаг. Харин энэ үед байгалийн идэш тэжээл хангалтгүй бол баавгай илүү хол газар тэжээл хайх нөхцөл үүсдэг.
Энэ онд байгалийн самар, жимс зэрэг тэжээлийн ургац муу байсантай холбоотойгоор бамбарууш болон бамбарууштай эм баавгай суурьшлын бүс рүү ойртож байгаа талаар орон нутгийн мэдээллүүд ч гарсан. Тухайлбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд суурьшлын бүс рүү бууж ирсэн бага насны бамбарууш эцэж турсан байдалтай үхсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хүрэн баавгай ерөнхийдөө 10-11 дүгээр сараас эхлэн ичээндээ орж, идэш тэжээл элбэг жил 11 дүгээр сарын сүүлээр ичих тохиолдол байдаг. Иймээс намрын идэш тэжээлийн хомсдол нь баавгайн хувьд ичээнд орохын өмнөх чухал хугацаатай давхцдаг.
Д.Өсөхжаргалын үзэж буйгаар энэ үед баавгайг зөвхөн суурьшлын бүсээс хөөж, өөр газар шилжүүлэхээс гадна ичээнд ортол нь хэрхэн тэжээх, идэш тэжээлийн хомсдлыг хэрхэн бууруулах, бамбаруушуудыг хэрхэн хамгаалах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэх шаардлагатай гэв.
Одоогоор Засгийн газар баавгайтай холбоотой дуудлага, хамгаалалтын арга хэмжээнд ашиглах тоног төхөөрөмж, шатахууны зардалд улсын нөөцөөс хөрөнгө гаргахаар шийдвэрлээд байна. Мөн цаашид баавгайн тоо толгойг тоолох, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах асуудлыг хөндсөн. Харин мэргэжилтний зүгээс “баавгайг барьж, өөр газар аваачих” богино хугацааны арга хэмжээ болон “байгаль дахь идэш тэжээлийн хомсдлыг шийдэх” урт хугацааны бодлогыг ялгаж харах шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү суурьшлын бүс рүү орж буй баавгайнуудын дийлэнх нь бие гүйцсэн амьтад бус, бамбарууш байгаа нь анхаарах асуудал болж байна. Идэш тэжээлийн хомсдол, ангуучлах туршлага дутмаг байдал, ичээнд орохын өмнөх тарга тэвээрэг авах үе зэрэг хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Тиймээс баавгайг зөвхөн суурьшлын бүсээс барьж шилжүүлэхээс гадна идэш тэжээлийн хомсдлыг бууруулах, бамбаруушийг хамгаалах, шаардлагатай үед ичээнд ортол нь зөв зохистой нэмэлт тэжээлээр хангах, хүн-баавгайн зөрчлийг бууруулах урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

