Цогц хөгжлийн үндэсний төвөөс парламентын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох боломжийг бодитоор нэмэгдүүлэх зорилгоор “Мэдэх эрхтэй-2” аяныг эхлүүлж, УИХ-ын дарга С.Бямбацогтод 15 шаардлага хүргүүллээ. Тус төвийн зүгээс УИХ-ын хуралдааны тэмдэглэл, хуулийн төслийн өөрчлөлт, иргэдийн саналын хариу зэрэг мэдээлэл цаг тухайд нь нээлттэй бус байгаа нь парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог хязгаарлаж байна гэж үзжээ.
“Мэдэх эрхтэй-2” аян зарлан парламентын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүллээ. Парламент бол төлөөлөх үүргээрээ дамжуулан төрийн эрх барих дээд байгууллага. Ийм учраас парламентын үйл ажиллагаа, ил тод, нээлттэй байх нь ардчиллын нэг чухал шалгуур болдог. Парламент нь хаалттай улс оронд авлига, хээл хахууль, шударга бус байдал газар авч иргэдийн төрдөө итгэх итгэл доод цэгтээ хүрсэн байдаг. Харин парламент нь нээлттэй, ил тод улс оронд иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэж, тэр хэрээр оролцоо сайтай, шударга, эрх тэгш нийгмийн бүтээж чадна.
Тэгвэл Монгол парламент ил тод, нээлттэй байж чадаж байна уу? Мэдээж чуулган болон байнгын хорооны хуралдааныг олон нийтэд шууд дамжуулан үзүүлж байна. Мөн чуулганы ирцийн мэдээллийг шууд дамжуулан харуулдаг болсон. Гэвч ил тод, нээлттэй байдал гэдэг нь харагдах байдал биш. Парламент ил тод боллоо хэмээн пи-ар хийдэг, гоёл чимэглэл биш. Харин иргэдийн оролцоо болон парламентын үйл ажиллагааг хооронд нь нягт холбосон гүүр болж ажиллах ёстой. Тодруулж хэлбэл, парламентын үйл ажиллагааны бүх үйл явц нь иргэдэд нээлттэй, мэдээллийг хүлээж авахад хялбар, ойлгомжтой байх нь чухал. Харин мэдээлэлтэй болсон иргэн хуулийн төсөлд санал хүсэлтээ илэрхийлж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, эргээд хяналт тавих суурь боломжийг нь бүрдүүлж өгсний дараа л парламентын ил тод байдлын тухай ярих боломжтой болно.
Гэтэл манай парламент шилэн, нээлттэй, цахим гэх зэрэг олон сүртэй нэртэй хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр иргэдийн оролцоог хязгаарласан, нүд хуурсан, дүр эсгэсэн ажлууд хийж байгаа тул Цогц хөгжлийн үндэсний төвөөс УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Тухайлбал, нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэл парламентын цахим хуудсанд цагтаа ордоггүй. Өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдааны зарим тэмдэглэл одоог хүртэл ороогүй байна. Мөн УИХ-аас d.parliament.mn сайтаар дамжуулан иргэдээс хуулийн төсөлд санал авдаг. Гэвч тухайн саналыг нь хуульд хэрхэн тусгасан тухай хариуг иргэдэд өгдөггүй. Энэ нь саналаа хэлээд бай гэхдээ бидэнд хамаагүй гэсэн хуурамч, дүр эсгэсэн оролцооны илрэл. Угтаа хуулийн дагуу иргэдийн хууль тогтоомжийн төсөлд өгсөн саналын хариуг “Саналын товьёг” болгон 30 хоногийн дотор нээлттэй байршуулах ёстой. Парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин муу биш. Товчхондоо манай парламент хуулиа биелүүлэхгүй байна. Үүнээс гадна манай УИХ аливаа хуулийн төслийн анхны өргөн барьсан хувилбарыг d.parliament талбарт байршуулдаг ч хэлэлцүүлгийн явцад гарч буй өөрчлөлтийг тухай бүрд нь мэдээлдэггүй. Монголд хуулийн төсөл нь иргэдээсээ “нуугдаж тоглодог”. Иргэд уул нь энд л байсан даа гэж байтал эцсийн мөчид тэс өөр газарт танигдахын аргагүй болчихсон байдаг.
Угтаа бол иргэд хуулийн хэлэлцүүлгийн өөрчлөлт бүрийг тухай бүрд нь мэдэх боломжтой байх ёстой. Ийм тогтолцоо нь парламентын өөрийнх нь хариуцлагыг ч нэмэгдүүлнэ. Учир нь аль заалт хэзээ, ямар саналаар, хэний санаачилгаар өөрчлөгдсөнийг мөрөөр нь харах боломжтой болох юм.
Энэ мэтээр УИХ-ын гишүүдийн нээлттэй мэдээлэл, ашиг сонирхлын зөрчил, төсвийн зарцуулалт, хуулийн төслийн өөрчлөлт, яаралтай горим, марзан цахим үндэстэн, парламентын ой санамж, хэвлэлд хаалттай байдал, хуурамч хандалт, худал огноо зэрэгтэй холбоотой 10 гаруй шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүллээ.
“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс парламентын ил тод байдлыг хангах UIH.mn цахим талбарыг 2021 оноос хойш тасралтгүй хөгжүүлэн, ил тод байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Бид хууль батлахад гишүүдийн өгсөн саналыг мэдээллийг нээлттэй болгуулахаар 2023 онд “Мэдэх эрхтэй-1“ нөлөөллийн аяныг зохион байгуулж үр дүнд нь анх удаа parliament.mn талбарт санал хураалтын дүнг мэдээлдэг болсон юм. Ийм үр дүнд хүрэхийн тулд УИХ-ын тамгын газарт хоёр жилийн турш мэдээлэл авах хүсэлт, гомдол гаргаж, ХҮЭК-т хандаж, эцэст нь бүр захиргааны хэргийн шүүхэд хүртэл маргаан үүсгэж байв.
Харин энэ удаа “Цогц хөгжлийн үндэсний төв“-өөс парламентын ил тод байдлыг сайжруулах “Мэдэх эрхтэй-2“ аяныг зарлаж дараах 15 шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүллээ. Уг шаардлагуудыг биелүүлснээр Монгол улсад парламентын нээлттэй байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, иргэдийн оролцоог хангах боломжтой болох юм. Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

