Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнөөдөр (2026 оны Есдүгээр сарын 18) төсвийн төсөлтэй холбоотой зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр төсвийн бодлого болон макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “улсын төсөв нь зөвхөн намар хэлэлцдэг асуудал биш, жилийн турш үргэлжилдэг үйл явц” гэдгийг онцлоод, өмнөх жил нь дараа жилийн төсвийн хүрээг хуульчлан баталдаг тогтолцоотойг хэлэв. Мөн төсвийн төсөл өргөн барих бүрд Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох, хэрэгжих хугацааг хойшлуулах хандлага гарч байгааг шүүмжилжээ. Түүний хэлснээр тус хуульд одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулахаар болжээ.
С.Баярцогт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг анх санаачлан батлуулж байсан хүний хувьд уг хуульд төсөв бүрдүүлэх, зарцуулахад баримтлах тодорхой хязгаар, зарчим туссан гэдгийг онцлов. Харин төсөв бүрээр хуулийн заалтыг өөрчилж, хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа нь хуулийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэж үзэж, үндсэн зарчмыг тогтвортой мөрдөх шаардлагатайг хэллээ.
Түүнчлэн Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөллийг мэргэжлийн зарчмаа тууштай баримталж ажиллахыг уриалсан байна.
Тэрбээр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 7.7 хувийн өсөлттэй гарсан ч өрхийн орлого 4.9 хувиар буурсан гэж хэлээд, эдийн засгийн өсөлт иргэдийн орлогод бодитоор нөлөөлөх шаардлагатайг онцоллоо.
Мөн зорилтот инфляц 6±2 хувь байх ёстой ч 13 хувьд хүрсэн, хүнсний инфляц 25 хувьтай байгаа талаар дурдав. Түүний хэлснээр 100 төгрөгийн худалдан авах чадвар 75 төгрөг болтлоо буурсан бөгөөд энэ нь орлого багатай иргэдэд илүү их дарамт болж байна.
С.Баярцогт урсгал зардал нэг жилийн хугацаанд 25 хувиар өсөж байгаа нь эдийн засагт олон талын үр дагавар үүсгэж болзошгүйг мөн хэлсэн. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зөв боловч хувийн хэвшилд ч цалин нэмэх дарамт үүсэж, улмаар зээл авах, зардлаа танах зэрэг шийдвэр гаргахад хүргэж болзошгүй гэж тайлбарлав.
Түүний үзэж буйгаар зардлаа танах нь ажилтны тоог бууруулах, ажлын байр хорогдох эрсдэлтэй бөгөөд энэ нь нийт эдийн засгийн идэвхжилд нөлөөлж, инфляцыг дахин нэмэгдүүлэх нөхцөл үүсгэж болзошгүй байна.
Мөн төсвийн ДНБ-д эзлэх хэмжээ 37-40 хувь, зарим тохиолдолд 43 хувьд хүрч байгааг хэлээд, төсөв хэт тэлэх нь хувийн хэвшилд очих санхүүжилтийг хумих эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ирэх оны төсөвт татварын орлогыг дөрвөн их наядаар нэмэгдүүлэх бус, бууруулах шаардлагатай гэж цохон тэмдэглэв. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байх нь далд эдийн засгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэх эрсдэлтэй гэж тэрбээр тайлбарласан байна.
С.Баярцогтын хэлснээр ирэх оны төсвийг өнгөрсөн онд баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарт багтаан баталж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн суурь зарчмуудыг мөрдөх нь чухал байна.
Түүнчлэн төсвийн асуудлаар улс төрийн намууд харилцан шүүмжлэхээс илүүтэй үндэсний зөвшилцөлд хүрч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг дагах шаардлагатай гэж үзжээ.

