Түр хороог байгуулахтай холбоотойгоор УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулах ажлыг 2026.09.17-ноос эхлүүлж буйгаа Ө.Шижир мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир өнөөдөр /2026.09.17/ Төрийн ордонд Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, хөрөнгө, зарцуулалтыг хянан шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргалаа.
Тэрбээр төрийн өмчит компаниуд нийт 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй хэдий ч 2025 онд хийсэн аудитын шалгалтаар 96 компанид нийт 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар дурдсан юм.
Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын ашиг, алдагдал, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир-ийн мэдээлснээр, төрийн өмчит компаниудад 70 мянга орчим хүн ажилладаг бөгөөд 2025 онд 1.8 их наяд төгрөгийг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулжээ. Түүнчлэн төрийн өмчит компаниудын удирдлагад улс төрийн томилгоо давамгайлж байгаа болон захирлуудын үйл ажиллагааны зардал, хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт хангалтгүй байгаа талаар хөнджээ.
Иймд төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтыг шалгах түр хороо байгуулж, УИХ-ын сонсгол зохион байгуулах саналыг гаргажээ.

