Ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраажээ. Намрын улиралд хуурайшилт нэмэгдэж буйтай холбоотойгоор галын аюулаас сэрэмжилж, ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Дорнод, Сүхбаатар, Булган аймагт бүртгэгдсэн нийт таван ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд хоёр, Баянтүмэн суманд нэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум болон Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тус тус нэг түймэр гарсан байна.
Намрын улиралд өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийгшил багасдаг тул салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг байна.
Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн асаасан гал, шүдэнз, тамхины иш, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

