“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ 21 дэх жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Үзэсгэлэн худалдаагаар дотоодын шинэ ургац болон үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. ХХААХҮЯ болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээгээр дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх юм.
Үзэсгэлэн худалдаанд хүнс, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүн, газар тариалан болон нийслэлийн тариаланчид оролцож, нийт 218 асар ажиллуулахаар төлөвлөжээ.
Арга хэмжээний үеэр импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс жимсгэнэ худалдаалахгүй бөгөөд Монгол Улсын 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, хүнс, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр өдөр бүр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.

