Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 14}

Хэнтий аймагт арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрт нийлүүлэх төв ашиглалтад орлоо

Л.АззаяаЛ.Аззаяа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн суманд арьс, шир худалдан авах, анхан шатны тордолт хийх цэгийг шинээр байгууллаа.


ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тус цэгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, салбарын төлөөлөлтэй уулзжээ.

Энэхүү цэг ашиглалтад орсноор малчид болон аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн арьс, ширээ шууд тушаан, цааш боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн газар дээр нь анхан шатны тордолт хийхээс гадна чанар, стандартыг шалгаж, түүхий эдийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх мэргэжлийн зөвлөгөөг олгож эхэллээ. Ингэснээр ялангуяа дулааны улиралд арьс, шир бэлтгэн нийлүүлэхэд тулгардаг хүндрэлүүд багасаж, их хэмжээний түүхий эд үнэгүйдэн хаягдал болдог байдал багасах ач холбогдолтой юм.

Зүүн бүсийн хэмжээнд 2025 онд 150 мянга орчим үхрийн арьс бэлтгэснээс Дорнод аймаг 57 мянга, Сүхбаатар аймаг 51 мянга, Хэнтий аймаг 47 мянган бодын арьс, шир тус тус бэлтгэжээ. Өмнөх онуудад улсын хэмжээнд жилд дунджаар 8–10 сая ширхэг арьс, шир бэлтгэгддэг байснаас ердөө 40 орчим хувь нь л үйлдвэрт хүрч, үлдсэн хэсэг нь хадгалалт болон зуучлагчдын гар дамжин үнэгүйдэх эсвэл хаягдахад хүрдэг байв.

Харин энэхүү нөхцөл байдлыг өөрчилж буй “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан Дорнодоос 1793, Хэнтийгээс 800, Сүхбаатараас 605 үхрийн шир, мөн Хөвсгөлөөс 4000, Архангайгаас 3000 хонины нэхийг боловсруулах үйлдвэрүүд тус тус татан аваад байна. Одоогоор дээрх 5 аймагт малчдаас түүхий эд худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн биржийн арилжаагаар дамжуулан үйлдвэрлэгчдэд нийлүүлэх сүлжээ амжилттай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!