АН-ын зүгээс Засгийн газрын үйл ажиллагаа, эрх баригч МАН-ын дотоод зөрчил, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг шүүмжилж буйгаа илэрхийлэв.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газартай холбоотой улс төрийн байр сууриа нэгтгэлээ.
АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралыг өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх хүртэл улс төрийн шахалт үзүүлж ажиллах шийдвэр гаргасан байна. Харин Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн тохиолдолд АН-ын бүлгийн гишүүд уг асуудалд итгэл үзүүлэхгүй гэсэн нэгдсэн байр суурь баримтлахаар болжээ.
Улс төрийн зөвлөлийн шийдвэр нь бүлгийн гишүүдэд хамаарах тул тухайн асуудлаар гишүүд хувийн байр суурь илэрхийлэхээс үл хамааран намын шийдвэрийг дагаж мөрдөх юм байна.
Тухайлбал, Засгийн газраас УИХ-д 43 их наяд төгрөгийн төсөв өргөн мэдүүлсэн нь хавар батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцэж байгаа эсэх асуудлыг АН хөндлөө. Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах саналыг төсвийн тодотголтой хамтатган өргөн барьж байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцэх эсэхэд эргэлзэж буйгаа АН-ын дарга О.Цогтгэрэл илэрхийлсэн байна.
Хэрэв Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д албан ёсоор оруулж ирэхгүй бол АН-аас улс төрийн үйл ажиллагаа явуулж, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх боломжуудыг ашиглана гэдгээ мөн мэдэгдлээ.

