Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас зохион байгуулдаг PISA олон улсын үнэлгээний 2025 оны дүн гарч, Монгол Улсын 15 настай сурагчдын гүйцэтгэлийн үзүүлэлтүүд танилцуулагдлаа.
Энэ удаагийн үнэлгээнд дэлхийн 91 улс, эдийн засгийн бүсийн 760 мянга гаруй сурагч хамрагдсан бол Монгол Улсаас 191 сургуулийн 7146 сурагч оролцжээ. Монгол Улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа оролцсон бөгөөд 2025 оны үнэлгээ нь хоёр дахь удаагийн оролцоо болж байна.
PISA нь 15 настай сурагчдын сургуульд эзэмшсэн мэдлэг, чадвараа бодит амьдралын нөхцөлд хэрхэн ашиглаж, асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг ойлгон дүгнэж чадаж байгааг үнэлдэг. 2025 оны үнэлгээний үндсэн чиглэл нь байгалийн ухаан байсан бөгөөд математик, унших чадвараас гадна тооцоолон бодох буюу технологийн хэрэгсэл ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг шинээр үнэлжээ.
Монгол сурагчид математикийн хичээлээр 419 оноо авч, 91 оролцогчоос 49 дүгээрт, байгалийн ухаанаар 424 оноо авч 56 дугаарт, унших чадвараар 374 оноо авч 69 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин шинэ чиглэл болох тооцоолон бодох асуудал шийдвэрлэх чадвараар Монголын сурагчдын дундаж 443 оноо гарчээ. OECD-ийн мэдээллээр энэ үзүүлэлтээр Монгол Улс Израиль, Румын, Серби, Албани, Перу зэрэг орнуудтай статистикийн хувьд ойролцоо түвшинд байна.
Байгалийн ухааны үзүүлэлт 12 оноогоор нэмэгджээ
2022 оны PISA үнэлгээтэй харьцуулахад Монгол сурагчдын байгалийн ухааны дундаж оноо 12 оноогоор өссөн нь гурван үндсэн хичээлийн дундаас эерэг өөрчлөлттэй гарсан цорын ганц үзүүлэлт болжээ. Харин математикийн оноо 6 оноогоор, унших чадварын оноо 4 оноогоор буурсан байна. OECD Монголын 2025 оны математикийн болон унших чадварын дундаж үр дүн 2022 онтой статистикийн хувьд ойролцоо, харин байгалийн ухааны үзүүлэлт өссөн гэж дүгнэжээ.
PISA-ийн үнэлгээнд Level 2 буюу L2 түвшнийг суурь гүйцэтгэлийн түвшин гэж үздэг. Байгалийн ухааны хувьд 2025 онд Монгол сурагчдын L2 болон түүнээс дээш түвшинд хүрсэн хувь 2022 оныхоос 7 нэгжээр нэмэгдсэн, өөрөөр хэлбэл L2-оос доогуур гүйцэтгэлтэй сурагчдын эзлэх хувь 7 нэгжээр буурсан байна. 2022 онд Монголын сурагчдын 50 хувь нь байгалийн ухааны L2 болон түүнээс дээш түвшинд хүрч байсан бол 2025 онд энэ үзүүлэлт ойролцоогоор 57 хувьд хүрчээ.
Гэсэн хэдий ч унших чадварын суурь түвшний үзүүлэлт анхаарал татаж байна. Монголын 15 настай сурагчдын ердөө 33 хувь нь унших чадварын L2 болон түүнээс дээш түвшинд хүрсэн бөгөөд энэ нь OECD-ийн дунджаас 36 нэгжээр доогуур үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, сурагчдын гуравны хоёр орчим нь унших чадварын суурь түвшинд хүрээгүй байна.
Математикийн хувьд Монгол сурагчдын ердөө 1 хувь нь хамгийн өндөр буюу L5–L6 түвшинд хүрсэн байна. OECD-ийн орнуудын дунд энэ үзүүлэлт дунджаар 8 хувь байдаг. Энэ нь нарийн төвөгтэй нөхцөл байдлыг математик загвараар илэрхийлэх, олон төрлийн асуудал шийдвэрлэх аргаас сонгон хэрэглэх чадвар өндөр түвшинд хүрэх шаардлагатайг харуулж байна.
Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг анх удаа үнэлэв
PISA 2025-д “Learning in the Digital World” хүрээнд сурагчдын тооцоолон бодох асуудал шийдвэрлэх чадвар буюу computational problem solving-ийг шинээр үнэлсэн. Энэ нь зөвхөн компьютер ашиглаж чадаж байгаа эсэхийг шалгасан үзүүлэлт биш бөгөөд технологийн хэрэгсэл ашиглан асуудлыг загварчлах, туршилт хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шийдлээ боловсруулах болон алдаагаа засах зэрэг чадварыг хамардаг.
Монгол сурагчдын энэ чиглэлийн дундаж оноо 443 байсан бол PISA-ийн өндөр үзүүлэлттэй орнуудын оноо нэлээд өндөр байна. Тухайлбал, Макао 572, Сингапур 563, Хятад (Бээжин, Шанхай, Жянсу, Жэжян) 560, Япон 557 оноо авчээ.
Ийнхүү PISA 2025-ийн дүнгээс харахад Монголын 15 настай сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл ахисан боловч унших чадварын суурь түвшин хангалтгүй хэвээр, математик болон дижитал орчинд асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулах шаардлагатай байна. OECD-ийн тайланд мөн Монголын сурагчдын гүйцэтгэл OECD-ийн дунджаас математик, унших чадвар, байгалийн ухаан болон тооцоолон бодох асуудал шийдвэрлэх бүх үзүүлэлтээр доогуур байгааг тэмдэглэжээ.

