УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа.
Аудитын дүгнэлтээр төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилттой нийцэж байгаа ч богино хугацааны эрсдэлийг бууруулах зорилгоор урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь цаашид төсөв болон үнийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзжээ.
Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр өсгөхөөр тусгажээ.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн танилцуулснаар уг зардлын нэмэгдэл нь ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй тохиолдолд дээрх зарлагын өсөлт нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй аж.
Мөн аудитын дүгнэлтээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй байна. Иймээс төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэжээ.
Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого болон дотоод эрэлтийг өсгөх эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж аудитын байгууллага үзсэн байна.
Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг, боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны оны эцэс хүртэлх цалингийн дутуу санхүүжилтэд 674.5 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна. Мөн мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг, эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөжээ.
УИХ-ын мэдээлснээр төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 33.978 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.048 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцоолж байна.

