Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд үргэлжилж байна. Бид СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Хүүхдийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор-той ярилцлаа.
-Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдрүүдээр СЭМҮТ-ийн асраар үйлчлүүлж буй иргэдийн тухайд сэтгэл зүйн тулгамдсан ямар ямар асуудлуудаар илүү зөвлөгөө авч байна вэ?
– Сүүлийн үед иргэдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө авах хэрэгцээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Ялангуяа ахимаг насны хүмүүсийн дунд нойргүйдэл, нойрны хямралтай холбоотой асуудал зонхилж байна. Мөн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжил, хоцрогдлын талаар илүүтэй зөвлөгөө авах болсон. Харин дунд насныхны хувьд стрессээс үүдэлтэй сэтгэл түгших, сэтгэл гутрах зэрэг асуудлаар хандах нь түгээмэл байна. Иргэд зөвхөн мэдээлэл авахаас гадна өөрсдийн асуудлыг илүү гүнзгий ойлгож, баталгаатай эх сурвалжаас мэдлэгээ нэмэгдүүлэх, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах сонирхол нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
-Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжэ авах хэрэгтэй вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийг зөв ойлгож, өөрийгөө таньж мэдэхийн тулд ирээдүйд хувь хүн бүр сэтгэл зүйн боловсролдоо илүү анхаарах шаардлагатай. Стрессийг зөв удирдах, бусадтай харилцах чадвараа хөгжүүлэх, мөн өөрийн сэтгэл хөдлөл, хэрэгцээгээ ойлгож сурах нь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй. СЭМҮТ-ийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг 1800-2000 дугаар нь 24 цагийн турш ажилладаг бөгөөд мөн энгийн тарифаар төлбөр тооцоо нь бодогддог. Зөвлөгөө авахаар холбогдож буй хүмүүсийг ямар тусламж, үйлчилгээ авах талаар зөв чиглүүлэг өгдөг. Мөн гадаадад байгаа иргэд ч 1800-2000 дугаарт холбогдож тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой.
-Өсвөр насныхан өөрийн мэдрэмжээ ичихгүйгээр зөв, эрүүл байдлаар илэрхийлэх болон уур бухимдлаа зохистой аргаар удирдахыг хэрхэн сурах вэ?
Өсвөр нас буюу “Шилжилтийн нас”-нд хүүхдүүд нийгэм, сэтгэл зүйн олон тулгамдсан асуудалтай тулгардаг ч тэдгээрийг даван туулах туршлага, мөн хаанаас тусламж авах талаар мэдлэг дутмаг байдаг. Үүний улмаас асуудлууд нэгэн зэрэг хуримтлагдаж, тодорхойгүй байдал үүсгэн уур бухимдал төрөх нь элбэг. Ийм үед тухайн өсвөр насны хүүхдийг хүрээлж буй насанд хүрэгчид болон найз нөхөд нь түүнийг ойлгож, зөвөөр хүлээн авч, дэмжих нь чухал. Мөн тайван орчинд өөртэйгөө ярилцаж, “Би яагаад бухимдав?”, “Ямар шалтгаанаас болж ууртай хариу үзүүлэв?” гэдгээ эргэцүүлэн бодох цаг гаргах хэрэгтэй. Айдас, гуниг, шаналлаа эхлээд өөрөө зөв таньж ойлгосны дараа өөрийг тань үнэхээр ойлгож, сонсож чаддаг, итгэлтэй хүнтэйгээ хуваалцах нь сэтгэл зүйн хувьд хамгийн зөв дэмжлэг болдог.

