Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн. Гэвч хоёр дахь долоо хоногтоо ч хуралдаж чадалгүй МАН-ын бүлэг ээлжит бус хурлаа зарлалаа. Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн УИХ-ыг МАН-ын дарга удирдах ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж, чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Ийнхүү УИХ-ын чуулганы ирц 50 хувьд ч хүрч чадахгүй дахин хойшиллоо.
Харин МАН-ын бүлгээс цаашид хэрхэх талаараа улс төрийн шийдвэрт хүрэхээр ээлжит бус хурал зарлан одоогийн байдлаар Ерөнхий сайд Г.Занданшатар хуралдаанд оролцоод байна. Эрх баригч намын бүлгийн дарга Ж.Батжаргал болон намын бусад гишүүд намын бүлэгт хуваагдал, хагарсан зүйл үүсээгүй гэж мэлзэж байгаа ч ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь дотооддоо маргаантай байгааг илтгэж буй.
Шадар сайд Х.Ганхуяг УИХ-ын дарга Н.Учралыг томилогдсоноос хойш дарангуйлал тогтож, их хурал дээр намын ямар нэг асуудлыг ярьсан зүйл алга гэж мэдэгдсэн. Харин Ардчилсан нам өнөөдөр ээлжит бус хэвлэлийн бага хурлаа хийн тус намын дарга О.Цогтгэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуулахыг шаардлаа. Түүнчлэн УИХ нээлттэй сонсгол явуулж, ард иргэдэд баримт нотолгоотой зүйлсийг танилцуулах нь зүй ёсны шаардлага хэмээлээ.
Харин УИХ-ын дарга Н.Учрал чуулганы индрээс хуралдааныг хойшлуулж байгаагаа мэдэгдэж “Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг УИХ-ын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгааг та бүхэн хэзээд мартах учиргүй” гэлээ.

