Улсын ерөнхий прокурорын газраас Аравдугаар сарын 22-нд /2026.10.22/ зохион байгуулсан “Хүүхэд хамгаалал–Хууль хэрэглээ” зөвлөгөөний үеэр хүүхэд хохирсон болон гэмт хэрэгт холбогдсон хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн шинэ зохицуулалтыг танилцуулжээ. Эдгээр өөрчлөлтийг 2026 оны Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Улсын Их Хурлаас 2026 оны Долоодугаар сарын 3-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр өсвөр насны хүн холбогдсон хэргийг шийдвэрлэхдээ түүний эрх, дээд ашиг сонирхлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан байна. Мөн өсвөр насны хүний сэтгэл зүйн байдалд эргэлзээ төрвөл мэдүүлэг авах ажиллагаанд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчийг оролцуулж болохоор зохицуулжээ.
Түүнчлэн өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг болон хуульд заасан зарим таслан сэргийлэх арга хэмжээ, баривчлах ажиллагааг гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхээр тусгасан байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд өмгөөлөгчөөс гадна хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах зохицуулалт ч мөн багтжээ.
Хууль тогтоомжийн шинэ зохицуулалтыг мөрдөгч, прокурор болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтнууд практикт нэг мөр хэрэглэх зорилгоор “Хүүхэд хамгаалал–Хууль хэрэглээ” гарын авлагыг боловсруулан гаргасан байна. Гарын авлагад хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хүүхэдтэй харилцах арга зүй, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах олон улсын эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Зөвлөгөөн нь Азийн сан, Дэлхийн зөн Монгол байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт, Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд холбогдох байгууллагуудын алба хаагчид танхимаар болон цахимаар оролцсон байна.




Эх сурвалж: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль — Legalinfo.mn, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

