Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 20}

Монгол, Индонез улс эм, вакцины зохицуулалт болон цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллана

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эм, вакцины чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, цахим эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Ингэснээр Монгол Улс олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Индонезийн эм, вакцины зохицуулалтын тогтолцоо болон эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформыг хөгжүүлсэн туршлагаас суралцах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Уулзалтаар эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажуулжээ.

Тус уулзалт болсон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулган аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус бүсийн 38 улс, нутаг дэвсгэрийг хамарсан хорооны энэ удаагийн чуулганаар дархлаажуулалт, артерийн даралт ихсэх өвчний хяналт, тамхины хэрэглээг бууруулах бодлого болон эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээг хэлэлцэж буй юм.

ДЭМБ-ын мэдээлснээр Номхон далайн баруун бүс нутагт 2.2 тэрбум орчим хүн амьдардаг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын дөрөвний нэг орчимтой тэнцэж байна.

Индонез Улс эм, вакцины зохицуулалтаараа ДЭМБ-ын олон улсын үнэлгээнд багтжээ

Хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг нь эм, вакцины чанар, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудал юм.

Индонезийн Хүнс, эмийн хяналтын агентлаг (BPOM) 2025 оны арванхоёрдугаар сарын 21-нд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулах байгууллагын жагсаалтад буюу WHO Listed Authority (WLA) статустай байгууллагуудын эгнээнд багтсаныг ДЭМБ албан ёсоор мэдээлжээ. Ингэснээр Индонез улс дунд орлоготой орнуудаас энэхүү статусыг бие даасан зохицуулах байгууллагын хувьд анх удаа авсан улс болсон байна.

Тухайн үед Австрали, Индонезийн зохицуулах байгууллагуудыг шинээр нэмж бүртгэснээр ДЭМБ-ын WLA сүлжээнд дэлхийн 39 улсын 41 байгууллага багтаж байжээ. Энэ нь 2025 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаарх үзүүлэлт юм.

ДЭМБ-ын үнэлгээний тайланд дурдсанаар Индонезийн Хүнс, эмийн хяналтын агентлагийн үйл ажиллагааг 2024 оны наймдугаар сараас 2025 оны арваннэгдүгээр сар хүртэл үнэлжээ. Үнэлгээнд вакцины бүртгэл, үйлдвэрлэлийн зохистой дадлын хяналт, зохицуулалтын хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээ зэрэг холбогдох чиг үүргийг хамруулсан байна. Үүний үр дүнд тус байгууллага вакцины зохицуулалтын холбогдох чиг үүргээр олон улсын шаардлага хангасан гэж дүгнэжээ.
 
Энэ туршлагыг харгалзан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол, Индонезийн эмийн зохицуулалт хариуцсан байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлжээ.

Манай улсын тухайд хувьд эм, вакцины бүртгэл, чанарын хяналт, лабораторийн шинжилгээ болон мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх нь эмийн аюулгүй байдлыг хангах чухал нөхцөл юм. Тухайлбал, Монгол Улсад 2026 оны зургаадугаар сарын 16-нд Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийг шинэчлэн байгуулсан. Энэхүү шинэчлэлийг Дэлхийн банкны Цар тахлын сангийн 1.8 сая ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Иймээс Индонезийн туршлагаас суралцах нь манайм улс эм, вакцины зохицуулалтын тогтолцоог олон улсын жишигт ойртуулах, хяналтын байгууллагуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой аж.

Индонезийн SATUSEHAT платформ эрүүл мэндийн мэдээллийн системүүдийг нэгтгэдэг

Хамтын ажиллагааны хоёр дахь гол чиглэл нь цахим эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх асуудал байв. Индонез улс эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн системийг хооронд нь холбох зорилгоор SATUSEHAT нэртэй үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлжээ.

Индонезийн Эрүүл мэндийн яамны албан ёсны танилцуулгад дурдсанаар тус улсад өмнө нь төрийн байгууллагуудын ашигладаг эрүүл мэндийн чиглэлийн 400 гаруй программ, систем хоорондоо бүрэн уялдаагүй байжээ. Үүнээс шалтгаалан ижил төрлийн мэдээллийг олон системд давхар бүртгэх, эмнэлгүүд мэдээлэл солилцоход хүндрэл үүсэх, мэдээллийн стандарт харилцан адилгүй байх зэрэг асуудал тулгарч байсан байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор SATUSEHAT платформыг хөгжүүлсэн бөгөөд тус систем нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, зохицуулагч байгууллага, даатгал болон цахим үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн системийг нийтлэг стандартаар холбох зориулалттай юм.

Тус платформ нь олон улсад хэрэглэгддэг HL7 FHIR стандартыг ашиглан эрүүл мэндийн мэдээллийг солилцдог. Өөрөөр хэлбэл, өөр өөр программ ашигладаг эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний мэдээллийг ижил бүтэц, стандартын дагуу дамжуулах боломжийг бүрдүүлдэг байна.

Ингэснээр өвчтөний оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, эмийн хэрэглээ зэрэг мэдээллийг эрх бүхий байгууллага, мэргэжилтнүүд холбогдох журмын дагуу ашиглах техникийн боломж нэмэгддэг.

Монгол Улсад эрүүл мэндийн мэдээллийн системүүдийг харилцан уялдуулах нь иргэдийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, мэдээллийн давхардлыг бууруулах, эмч мэргэжилтнүүдийн шийдвэр гаргалтыг дэмжих ач холбогдолтой. Тухайлбал, иргэн нэг эмнэлэгт шинжилгээ өгөөд өөр эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлэх тохиолдолд өмнөх шинжилгээ, оношилгооны мэдээллийг эрх бүхий эмч ашиглах боломж бүрдвэл давтан шинжилгээ хийлгэх шаардлагыг тодорхой хэмжээнд бууруулж болох юм.

Гэхдээ мэдээллийн системүүдийг хооронд нь холбохын зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал, мэдээлэлд хандах эрхийн зохицуулалтыг хангах шаардлагатай. Энэ нь цахим эрүүл мэндийн тогтолцоог үр дүнтэй хөгжүүлэх үндсэн нөхцөлүүдийн нэг юм.

Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин цахим эрүүл мэнд болон эм, вакцины зохицуулалтын чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монголын мэргэжлийн багийг ойрын хугацаанд Индонез улсад урьж, туршлага солилцох санал тавьсан байна.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулна

Хоёр улсын Эрүүл мэндийн яам хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, хариуцлагыг тодорхой болгохоор тохиролцжээ.

Тодруулбал, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллага болон холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх, үүрэг хариуцлага, хугацааг харилцан тохиролцох шаардлагатайг талууд онцолсон байна.

Түүнчлэн Индонезийн SATUSEHAT платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцжээ.

Нийгмийн эрүүл мэндийн үүднээс авч үзвэл эм, вакцины хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь хүн амыг чанар, аюулгүй байдлын эрсдэлээс хамгаалах, харин эрүүл мэндийн мэдээллийн системийг боловсронгуй болгох нь тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, тасралтгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!