Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төсөлд төрийн зарим зардлыг танаж, нийт 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг иргэдийн орлогыг дэмжих, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын хэрэгцээг санхүүжүүлэхэд чиглүүлэхээр тусгажээ. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сараас ахмад настнуудад суурь тэтгэвэр олгож, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын хүрээнд иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалах, үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатарын удирддаг тус Байнгын хороо төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Ахмад настнуудын хувьд 2027 оноос хэрэгжихээр хуульчилсан суурь тэтгэврийн зохицуулалтыг наашлуулж, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхлэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийт 435 мянган ахмад настан ажилласан жил, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэврийн хэмжээнээсээ хамааран сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авах боломжтой болно. Үүнд нийт 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгажээ. Энэ нь нийлүүлэлтийн тасалдлаас урьдчилан сэргийлэх, зах зээл дэх үнийн огцом хэлбэлзлийн эрсдэлийг бууруулахад чиглэж байна.
Эрчим хүчний салбарт цахилгаан, дулааны үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах дэмжлэгт 107.3 тэрбум төгрөг, өвлийн улирлын ачаалалд бэлтгэх их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.
Мөн Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бензин, керосин болон газрын тосны үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 5 хүртэл тэглэсэн талаар мэдээлж байсан.
Төсвийн тодотголд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудын томилолт, сургалт, сурталчилгаа, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тээвэр болон бусад тэвчиж болох зардлыг бууруулахаар төлөвлөсөн гэв.
Тодруулбал, сайд нарын төсвийн багцын урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаастай холбоотой зардлаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг тус тус бууруулах замаар нийт 1.44 их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэхээр тооцжээ.
Ийнхүү төсвийн тодотголын гол зорилго нь төрийн зарлагыг дахин эрэмбэлж, иргэдийн орлого, нийгмийн суурь үйлчилгээ болон зайлшгүй хэрэгцээтэй салбаруудын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

