Хог ангилан ялгаж, боловсруулан 12.5 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг 1000-аас дээш хэмд шатаан устгаж, үүссэн утааг таван давхар шүүлтүүрээр шүүн, дулаан үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Мөн хог хаягдал тасарсан тохиолдолд нүүрсээр галлаж ажиллуулах боломжтойгоор төлөвлөгджээ.

Үйлдвэрийн нийт өртөг 8.6 тэрбум төгрөг бөгөөд энэ нь өмнө баригдаж эхлээд гацсан дулааны станцын өртгөөс 7 дахин бага зардалтай ч, тухайн станцын үйлдвэрлэх дулааны 50 хувьтай тэнцэх хэмжээний дулаан гаргах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.
Цаашид үйлдвэрийг тогтвортой, горимын дагуу ажиллуулахын тулд мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай. Мөн айл өрхүүд хогоо ангилан ялгаж хэвшвэл үйлдвэрийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох чухал нөхцөл бүрдэнэ.

Хог боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тус төслийг сайшааж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албаныхан аймгуудад хэрэгжүүлэх боломжтой жишиг төсөл хэмээн үнэлсэн байна. Түүнчлэн уг үйлдвэрийг даган хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, бродюр үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

