Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 23}

Гадаадын хөрөнгө оруулалтыг таван салбарт чиглүүлнэ

Л.АззаяаЛ.Аззаяа

Засгийн газар өнөөдөр буюу 2026 оны Есдүгээр сарын 23-ны хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ба дата төв, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт  чиглүүлэхээр боллоо.


Монгол Улсад 1990-2025 онд нийт 52.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 74.4 хувь нь уул уурхайн салбарт төвлөрсөн байна. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулалтын бүтцийг төрөлжүүлж, уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун болон дата төв, нэмүү өртөг шингээсэн уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татахаар болжээ.

Энэ хүрээнд дээрх салбаруудад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, НӨАТ-ын төлөлтийг төсөл хэрэгжиж дуусах хүртэл хойшлуулах зэрэг дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Мөн томоохон хөрөнгө оруулалтыг татахын тулд 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн төсөлд 20 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр байна. Энэ нь шинэ шийдвэр биш бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.2-т 2026 оны Долоодугаар сарын 3-нд өөрчлөлт оруулснаар хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан тогтворжуулах гэрчилгээний хугацааг шинэчлэн тогтоосон зохицуулалт юм. Өмнө нь хөрөнгө оруулалтын хэмжээ, байршлаас хамааран 5-18 жилийн хугацаатай олгодог байсан бол 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтад 20 жил хүртэл тогтворжуулах боломжтой болсон байна.

Тогтворжуулах гэрчилгээ авахын тулд хөрөнгө оруулагчийн төсөл нь хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны үнэлгээ хийлгэх, тогтвортой ажлын байр бий болгох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зэрэг нөхцөлийг хангана. Хөрөнгө оруулагч хүсэлтээ холбогдох төрийн захиргааны төв байгууллагад гаргаж, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэн, шаардлага хангасан төсөлд гэрчилгээ олгоно. Харин өмнө нь тогтворжуулах гэрчилгээ авсан хөрөнгө оруулагчдын хувьд тухайн гэрчилгээний хугацаа болон нөхцөл нь хэвээр хадгалагдаж, дуусах хүртэл өмнөх зохицуулалтаараа хэрэгжинэ.

Мөн Засгийн газрын мэдээллээр сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд Говийн бүсэд эрчим хүчний төслүүдийг сонгон шалгаруулах нээлттэй аукцион зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь шинэ хөрөнгө оруулалтыг бодитоор татах дараагийн алхам болж байна. Ингэснээр Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг уул уурхайд төвлөрсөн өнөөгийн бүтцийг өөрчилж, технологи, үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татахад чиглэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!