Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 21}

Томуугийн вакцины хамралт өсөв, харин 2 хүртэлх насныхны дөнгөж 22 хувь нь хамрагджээ

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалт эрчимжиж, есдүгээр сарын 18-ны байдлаар зорилтот бүлгийн 245,108 хүн буюу 49 хувь нь вакцинд хамрагджээ. Гэвч нийслэлийн зургаан сараас хоёр хүртэлх насны хүүхдүүдийн ердөө 22 орчим хувь нь вакцинд хамрагдсан байна.


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээр есдүгээр сарын 14-нд улсын хэмжээнд 162,297 хүн буюу зорилтот бүлгийн 32.5 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдсан аж. Харин дөрөв хоногийн дараа 245,108-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, албан мэдээллүүдийг харьцуулахад дөрөв хоногийн хугацаанд вакцинд хамрагдсан хүний тоо 82,811-ээр нэмэгджээ.

Хамралтыг бүсээр авч үзвэл Улаанбаатар хотод 53.8 хувь, орон нутагт 42.3 хувьтай байна. Нийслэлд Сонгинохайрхан дүүрэг 67 хувийн хамралтаар тэргүүлж, Хан-Уул 62.5, Багахангай 57.6 хувьтай байна. Орон нутгаас Сэлэнгэ 58.6, Дорноговь 58.3, Архангай 56.9 хувийн хамралтаар тэргүүлжээ.

6 сараас 2 хүртэлх насны хүүхдийн хамралт хамгийн бага байна

Нийт хамралт нэмэгдэж байгаа ч бага насны хүүхдүүдийн үзүүлэлт харьцангуй доогуур байна. Тодруулбал, нийслэлд 6 сараас 1 хүртэлх насны хүүхдийн 22.4 хувь, 1–2 насныхны 21.9 хувь нь вакцинд хамрагдсан бол 3–6 насны хүүхдийн хамралт 61.3 хувьд хүрчээ. ЭМЯ-наас бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байна. 

Манай улсад 2024–2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан үр дүн гарсан.

Энэ жил 500 мянган хүн тун вакцин авчээ

ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн 99 хувийг хамруулсан бол 2026 онд вакцины нөөцийг 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ.

Энэ жилийн дархлаажуулалтад ДЭМБ-ын зөвлөмжид нийцсэн, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг ашиглаж байгаа бөгөөд Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авсан байна. Вакциныг 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт үнэ төлбөргүй хийж байна. Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтад ажиллаж байгаа юм.

Дархлаа тогтоход 10–14 хоног шаардлагатай

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр манай улсад томуугийн дэгдэлт ихэвчлэн аравдугаар сараас эхэлж, нэгдүгээр болон хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил дархлаажуулалтыг өмнөхөөс эрт буюу есдүгээр сарын 3-наас эхлүүлсэн. 

Томуугийн вакцин хийлгэсний дараа хамгаалах дархлаа шууд тогтдоггүй, ойролцоогоор 10–14 хоногийн дараа бүрэлддэг болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймээс томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө, ялангуяа бага насны хүүхэд болон бусад эрсдэлт бүлгийн иргэдийг вакцинд хамруулахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөлөө. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!