Шатахууны үнэ хомсдож Дэлхий даяар геополитикийн нөхцөл байдал хүндэрч, нефть бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, олдоц хомсдож буй яг энэ цаг үед Монголын Засгийн газар гэнэт ухаан орж Зэс хайлуулах үйлдвэрийнхээ тендрийг яаран зарлав. Энэ бол Үндэсний аюулгүй байдал талаасаа ч, байгаль орчны нөлөөллийн хувьд хөрсөн дорч, агаарт ч, цэвэр усны нөөцөд үлэмж халтай төсөл.
Ялангуяа хүхрийн хүчлийн үйлдвэрт Евро-IV, түүнээс дээш зэрэглэлийн түлш ашиглана, маш их хэмжээний дизель түлшээр ажиллах хүнд оврын машин, механизм, тоног төхөөрөмж, цахилгаан генераторууд ажиллуулах шаардлагатай, аюултай хог хаягдлын менежмент, хяналтын механизмууд гэхчлэн эдийн засгийн хувьд өндөр зардалтай, товчхондоо цаг үеэ олоогүй төсөл. Энэ нь Зэс хайлуулах үйлдвэрийг ч, хүхрийн хүчлийн үйлдвэрийг ч хэзээ ч хийхгүй гэсэн үг биш. Харин яг өнөөдөр тендрийг нь зарлаад яаран эрх олгоод ажилдаа ороход аль ч талаасаа тохиромжгүй гэдгийг сануулах шаардлагатай юм. Жишээ нь Монголын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад төсөл хэрэгжүүлэгч компани өдрийн 700 тн хүчин чадалтай үйлдвэр барих, үүнд дотоодын ханган нийлүүлэгчээс элементийн хүхрээ авна гээд гэрээндээ тусгаад баталчихсан. Тэгэхээр Монголын Засгийн газрын хийхээр төлөвлөсөн төсөл мөн хэдий ч хагас зуун жил зэс олборлочихоод хагас ухаантай мэт яг ийм тал талын шахалт дарамттай хүнд үед ийм аюултай үйлдвэрийн тендрийг “чоно борооноор” гэдэг шиг гаднынханд яаран олгох нь буруу.
Монгол Улсад өнөөдөр нийт 27 тусгай зөвшөөрөлтэй ААН аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулдаг. “Байгаль орчны аливаа эрсдэлтэй холбоотой хариуцлагын асуудлыг зөвхөн төсөл хэрэгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчдад даатгаад, тэдний гэрээнд тусгасан “гоё заалтуудад” итгээд усны бохирдлын өндөр төлбөр авна гээд алга ташин сууж болдоггүйг бусад улс оронд тохиолдсон олон жишээнээс харж болно.
Монгол Улсад "Зэс хайлуулах үйлдвэр” байгуулах ажилд оролцох саналыг дэлхийн 20 гаруй орны 55 компанид Гадаад харилцааны яам, болон Элчин сайдын яамдаар дамжуулан илгээхэд долоон улсын 13 аж ахуйн нэгж хамтран ажиллах саналаа ирүүлснээс дээрх дөрвөн “этгээд” шалгарчээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдын 60 дугаар захирамжийн дагуу, 772.9 сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Зэс боловсруулах үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэл, Эрдэнэт үйлдвэрийн харьяанд байгуулсан байдаг. “Зэс боловсруулах үйлдвэр” гэдэг ХХК-иа байгуулчихаад “Зэс боловсруулах цогцолбор”-ыг барих сонгон шалгаруулсан. Үүнд Хятадын гурав, Швейцарийн нэг компани оролцохоор болжээ. Швейцарийн компани нь алдарт “Гленкор интернэйшнл Эй Жи". Манайхан “Гленкор”-ыг Оросын олигарх О.Дерипаскатай нэр холбогддогоор нь ч сайн мэднэ, Монголын “Магнай трейд”-ийн нууц эзэн байж магадгүй гэж хардах болсон. Энэ утгаараа шатахууны хомсдол дэлхийг нөмөрч үнэ тэнгэрт хадсан цөвүүн цагт “багалзуурдуулах” бэлтгэлээ базаах хэрэг байна уу. Дараагийн оролцогч Хятадын гурван компанийн түншлэл. Тодруулбал, БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) нар хамтарч оролцох нь. Тэдгээрээс гадна тус улсын NFC компани, Жянши Коппер (Jiangxi Copper) компани нар мөн тендерт өрсөлдөж буй аж.
Дахиад сануулъя. Одоо энэ тендрийг зарлаад, эртнээс эрхийг нь атгуулж байх цаг нь биш ээ. “Амгалан асуудал” буюу эдийн засгийн талаас нь эхлээд шалтгааныг тоочъё. Зэс хайлуулах үйлдвэр бол өртөг өндөртэй, шууд ашиг багатай.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Лондонгийн металлын бирж дээр баяжмалаас хайлах цэвэршүүлэх зардлыг хасаад шууд зардаг. Яг одоо л цэвэр металл болгожмзарахгүй бол болохгүй гэж хэн санав аа? Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг нь тооцоод үзэхээр “Найзууд аа, энэ чинь нүүрсний уурхай, нүүрс боловсруулах үйлдвэрээс өөр шүү” гэж хашхирмаар байна. Бид урд зүгтээ Алтанширээтэд Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж, кокс-химийн үйлдвэр, хуванцрын үйлдвэрлэлийг барина гэж мөрөөдсөөр хэр удав? Төгсгөл нь харагдахаа больж өртөг нь л өсөөд байгаад төр, иргэдгүй л гасалж шогшрон хүлээж байна. Үүнтэй зэрэгцүүлэн хойд зүгт Зэс хайлуулах үйлдвэртэй, Хүхрийн хүчлийн үйлдвэртэй болно гэж бас баахан хөрөнгө, хүч, цаг хугацаа гарздаж бухимдан хүлээхэд юундаа яарна вэ? Аливаа том төсөлд цаг хугацаа, нөхцөл байдлын факторууд, тохироо нь бүрдэнэ гэж байдаг. Энэ шалгуураар бол хамгийн тохиромжгүй цаг үе нь өнөөдөр мөн. Гэтэл өнөөдөр тендрийг шалгаруулах гэнэ. Үндэсний аюулгүй байдал талаасаа хэр судалж, хэн дүгнэлт гаргав? Үндэсний сөрөн тэсвэрлэх чадлыг нь хэн тогтоож, ийм шийдвэр гаргав, хожмын өдөр хариуцлага хүлээх үү гэхчлэн олон асуулт эзэнгүйдээд байна.
Аюулгүй байдал талаасаа анхааруулахаас аргагүй зүйлс байна. “Айдсаар удирдах” гэсэн хэрэг биш бодит аюул шүү. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хийсэн ТЭЗҮ дээр жилд 400.000 тонн хүхрийн хүчилтэй гэсэн байгаа. Гэхдээ ийм хэмжээний хүхрийн хүчлийг агуулах, тээвэрлэх , хадгалах ложистикийн боломж өнөөдөр лав байхгүй. Тэгэхээр хүхрийн хүчлийг хатуу хэлбэрт шилжүүлэх буюу Solid Sulfur “шахмал хүхэр” болгох ажил нь нэн чухал. Эрдэнэт үйлдвэрт хатуу хүхэр болгох туршилт хийгдсэн гэх боловч үүнд ямар дэд бүтэцтэй байх, хэр хэмжээний зардлаар хатуу хүхрийг гаргах зэрэг нь маш бүрхэг, хаалттай мэдээлэл болчихоод байна. Хаалттай бүхэн аюултай. Наад зах нь үндэсний аюулгүй байдал талаасаа хатуу хүхрийн үйлдвэрлэл болон нөөц бүрдүүлэлтийг Хятад улсын мэдэлд өгчихөж болохгүй. Геополитикийн нөхцөл байдал, Ормуз дахь үл ойлголцлоос үүдсэн дэлхийн улс орнуудын сөргөлдөөн, бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой “задрал”-ууд үүнийг харуулж байна. Хатуухан хэлэхэд зэсийн гидрометаллургийн үйлдвэрүүд, уусгах үйлдвэр болон бордооны үйлдвэр, ураны газрын гүний боловсруулалт бүгд хүхриййн хүчил ашиглан хийгдэнэ. Энэ нь Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрийнхээ “амьсгалын аппарат”-ыг бусдад өгч байгаа хэрэг юм. Дахиад “Орано майнинг”-тай хийсэн гэрээг сануулъя. Тэдэнтэй байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллахад бидэнд түүхий эд хэрэгтэй байхад өрсөх мэт Хятадын компаниудад, эсвэл “Гленкор”-т өгөх нь хэний бодлого вэ? Юун Газрын тосны үйлдвэрээ бариад, хуванцраа үйлдвэрлээд кокс, химийн үйлдвэрүүдээ шижигнүүлээд мандуулатай манатай. Хэрэв ураны төсөл гацвал эсвэл дотоодын бордооны үйлдвэр баригдахгүй бол энэ 400,000 – 450000 тонн хүчлийг экспортлохоос өөр аргагүй болно. Энэ тохиолдолд шингэнээр нь Хятад руу гаргах нь өртөг өндөртэй тул "Хатуу хүхэр" болгох үйлдвэр нь "Б төлөвлөгөө " буюу аюулгүй байдлын баталгаа болж өгөх юм.
Хэрэв буруу бодлогын үүднээс яарч түргэдэн энэхүү баталгаагаа алдаад, хүхрийн хүчлийн үйлдвэрлэлээ Хятадуудад алдвал аж үйлдвэрүүд хараат болж хамгийн гол нь ураны үййлдвэрлэлээ бид хянаж чадахгүй болно. Тиймээс яг өнөөдрийн цаг үед бол “алдсанаас атгаад сууж байсан нь” дээр.
Учир нь, хэрэв Хятад улс энэ хүчлийг "хатуу хүхэр" болгоод аваад явчихвал Монгол Улс өөрийн ураныг олборлохын тулд эргээд Хятадаас хүхрийн хүчил өндөр үнээр импортлохын тулд тэднийхээс гуйна. Яг л коксжих нүүрсээ зарчихаад коксон түлш худалдаж авдаг шиг эмгэнэлтэй нөхцөлд хүрч болзошгүй.
Нөгөөтэйгүүр, Хятадын “Петро Чайна Дачин тамсаг”-тай татварын маргаанаа шийдэж чадвал тэднийх газрын тосны шинэ нөөцөө задлахад бэлэн байгаа төдийгүй тэр цагт Эрдэнэт үйлдвэрээс хүхрийн хүчлээ асар ихээр экспортолж гадагш урсгасандаа бид харамсах болно. Дээр нь ложистикийг нь Хятадын тал удирдвал манай төмөр замын "аюултай ачаа" тээвэрлэх хүчин чадал хүрэхгүй өдөрт 1250 тн буюу 20 вагон хүчлийг тогтмол тээвэрлэнэ гэдэг төмөр замын ганц хоёрхон компанийн хийж хүчрэх ажил огт биш. Тиймээс технологийн түншлэл байж болох ч, стратегийн хяналт заавал Монголын талд байх нь үндэсний аюулгүй байдлын амин чухал асуудал юм. Стратегийн хяналтаа алдвал энэ нь "бизнес" биш, Монголын уул уурхайг хөдөлгөх "түлхүүрээ" бусдад өгсөнтэй, эсвэл далай руу шидчихсэнтэй адил хэрэг болно. Тэгэхээр энэ үйлдвэр хэрэгтэй боловч сайтар нягталж өөр тоглогч нарыг орж ирэх боломжоор хангаж нухацтай үзэх шаардлагатай байна.
Эдгээрийг бодолцохгүйгээр яараад байгаагийн цаана ямар “нууц”, хэний эрх ашиг байна вэ гэдгийг олон нийтээрээ анхааралтай ажиглацгаая. Яагаад үйлдвэр нь баригдаагүй тендер нь ч зарлагдаагүй байхад “Баригдаагүй үйлдвэрийн Баахан дарга нар”-ыг тодруулаад томилчихов оо? Яахаараа тэд байгуулаагүй үйлдвэрийн офисст сууж сар бүр 8-аас дээш сая төгрөгний цалин хөлс аваад сууж байгаа юм бэ? Энэ чинь “Цэгцрэх хөдөлгөөн” үү? Жишээ нь ямар шалгуураар байгуулаагүй үйлдвэрийн хүний нөөцийн даргаар Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Оргилболд сард найман сая төгрөгийн цалин авахаар болчихов? Энэ мэтчлэн бүх талаас нь харахад Зэс хайлуулах үйлдвэрийн тендрийг өнөөдөр яаран зарласныг зөвтгөх шалтгаан огт олдохгүй байна. Харин ч алдах зүйл ихтэй, цагаа олоогүй, эсвэл “чоно борооноор” гэдэг шиг гэтсэнээс үүдэж хохирол амсвал хэн хариуцлага хүлээх нь огт тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдалд халтай, байгал орчинд сөрөг нөлөөлөл, аюул нь тоочиж барамгүй, эдийн засгийн үр ашиг нь “үл үзэгдэх” төлөвтэй Засгийн газрын 60 дугаар тогтоол ч, “Эрдэнэс Монгол”, Эрдэнэт үйлдвэр ч яаран хөдөлгөөд байгаа сонгон шалгаруулалтаа яаралтай зогсоосон нь зөв зүйл болно гэдгийг хатуу анхааруулъя.

