Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 11}

Тэгш, сондгойгоор зорчсон өдрийн зам ашигласны төлбөрийг хөнгөлнө

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэлийн иргэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрийн тоогоор ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт эдлэхээр боллоо. Тодруулбал, НИТХ-ын ээлжит хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулсан өдрийн тоог ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д танилцуулсан. Ингэснээр долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад өдөрт тэгш, сондгойгоор зорчуулсан хоногийн төлбөрийг хөнгөлөхөөр болжээ.

Төлбөрийн буцаан олголтыг тээврийн хэрэгслийн төрлөөс хамааруулан тооцох бөгөөд нэг хоногт 274-1,370 төгрөг, 14 хоногт 3,836-19,180 төгрөг, 30 хоногт 8,220-41,100 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тусгажээ.

Нийслэлийн хэмжээнд 744,246 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 720,122 нь улсын дугаарын хязгаарлалтад хамрагддаг аж. Дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтын хугацаанаас хамааран нийслэлийн төсвөөс нэг хоногт 300.8 сая, 14 хоногт 4.2 тэрбум, 30 хоногт 9 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоо гарчээ.

Харин дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, хөгжлийн бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд болон ажилчдыг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобус уг хөнгөлөлтөд хамрагдахгүй юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!