УИХ-ын гишүүн О.Саранчулуун өнөөдрийн /2026.10.16/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нэгдүгээр ангийн сурагчдын Брайль сурах бичгийг 5,000 ширхэгээр хэвлүүлэх тендерийг шүүмжилж, тусгай хэрэгцээт боловсролын санхүүжилт, сургуулийн орчны асуудлыг хөндлөө.
Түүний хэлснээр, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн багш нар ирсэн сурах бичгийг Брайль принтерээр хэвлэн сурагчдад тараадаг бөгөөд орон нутагт ч мөн ийм аргаар ашигладаг байна. Гэтэл нэгдүгээр ангийн Брайль сурах бичгийг 5,000 ширхэгээр хэвлүүлэх тендер зарласан нь бодит хэрэгцээнд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
О.Саранчулуун “Үүнийг боловсролын салбарын мөнгө идэх, авлига, хулгай гэж нэрлэдэг” хэмээн шүүмжилж, 116 дугаар сургуулийн бага ангид хэдэн хүүхэд суралцдагийг Боловсролын сайдаас асуусан байна.
Мөн тэрээр тус сургуулийн барилга 60 орчим жилийн настайг дурдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахад анхаарахыг шаарджээ. Тэрээр хувийн сургуулиудад хөрөнгө зарцуулахын оронд тусгай сургуулийн сурагчдын боловсролыг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Харин УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавихыг сануулсан бөгөөд О.Саранчулуун төсөв хэлэлцэж байгаа тул уг асуудлыг хөндөж буйгаа тайлбарласан байна.

