Gerelnews
Post

Улс төр

2026, 8-р сар 31}

Ерөнхий сайд 2027 оны төсвийн хүрээнд хэрэгжүүлэх есөн шийдвэрээ танилцууллаа

AdminAdmin

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдын хувиар анхны төсөв болох 2027 оны улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд 2027 оны төсвийн төслийн тоо, мөр бүрийн цаана Монголын баялгийг монголчуудад хүргэх, эх орныхоо баялгийн өгөөжийг иргэн бүр хүртэх үндсэн зорилго бий хэмээн онцоллоо. Тэрбээр энэхүү төсөв нь сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, иргэдэд чиглэсэн төсвийн тодотгол хийх шийдвэрийн үргэлжлэл болохыг хэлэв. Мөн үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч, айл өрх, иргэдэд төсвийн өгөөжийг хүргэх зорилготойг онцолсон байна.


Ингээд Ерөнхий сайд “Монголын баялгийг монголчуудад хүргэх” зорилгын хүрээнд хэрэгжүүлэх есөн шийдвэрээ танилцууллаа.

Нэг. Оюу Толгойн ногдол ашгийг Монголдоо авчирна

Оюу Толгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчирч, монголчууд ногдол ашгаа хүртэхтэй холбоотой 20 жилийн турш үргэлжилсэн яриаг дуусгана гэж Ерөнхий сайд мэдэгдэв.

Түүний хэлснээр Оюу Толгойн ногдол ашгийн хөрөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэг албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй бөгөөд иргэн бүрийн хуримтлалын данс, дулааны шинэ станц, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр, хоёр боомтын бүрэн шинэчлэлд зарцуулахаар төлөвлөжээ.

Харин ногдол ашгийн хөрөнгийг хаана, юунд зарцуулахыг E-Mongolia платформоор явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийдэх аж. 

Хоёр. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг бодит өмч болгоно

“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг бодит өмч болгоно гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Иргэд хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих боломжтой болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй компани болгохоор төлөвлөжээ.

Мөн энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй болгох юм байна.

Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хувийн хэвшлийн өсөлт, хөгжлийг дэмжихэд зориулна гэж мэдэгдэв.

Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг төвлөрүүлэх нь жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг бууруулах боломж бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд үзэж буй аж. 

Гурав. Иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулна

2027 оноос цалингийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар төлөвлөжээ. Ингэснээр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дансанд нийт 840 тэрбум төгрөг үлдэнэ гэж тооцсон байна.

Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой компани нэг хувийн татвар төлөхөөр болж, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үүний үр дүнд 23 мянган компани, аж ахуйн нэгж сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болох бөгөөд 25 хувийн татварын ачаалалтай байсан зарим аж ахуйн нэгжид 15 хувийн татварын шинэ шатлал хэрэгжүүлж, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөсөн байна.

Дөрөв. Тэтгэвэр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 1,335,400 төгрөгт хүргэхээр төлөвлөжээ.

Мөн 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүнээс өмнө буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудад шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор төлөвлөжээ.

Ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан, залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр тусгасан байна.

Мөн багш нарын цалинг энэ онд 50 хувиар, эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн бол эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгааллын зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50 хувиар нэмэгдүүлэх, 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэхээр төлөвлөсөн байна.

Тав. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно

Ирэх онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөжээ.

Үүнээс 14 мянган өрх ипотекийн 6 хувийн хүүтэй зээлээр, 2 мянган өрх түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцтай болох юм байна.

Мөн төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулж, орон сууцны хөтөлбөрт хамрагдах босгыг хоёр дахин бууруулахаар төлөвлөжээ.

Зургаа. 300 МВт-ын Дулааны VI цахилгаан станц барина

ДЦС-3-ын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станц барьж байгуулахаар төлөвлөжээ.

Мөн олон жил гацсан ДЦС-3 болон 10 аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн хэрэглэгчдэд шууд үүрүүлэхгүй байх зорилтыг онцоллоо.

Долоо. Боловсролын салбарт шинэ бүтээн байгуулалт хийнэ

Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар төлөвлөжээ.

Мөн 300 ортой 15 дотуур байр барих бөгөөд ирэх онд 100 мянган сурагчид Google-ийн компьютер олгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн 100 сургуулийг Google-ийн лаборатори сургууль болгож, 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгохоор төлөвлөжээ.

Найм. 34 эмнэлэг шинээр барина

Одоогоор улсын хэмжээнд 39 эмнэлэг баригдаж байгаа бөгөөд үүн дээр нэмж 34 эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөжээ.

Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутам хэрэгцээтэй, амин чухал эмүүдийг нэмж, ахмад настнууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ төлбөргүй авах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Ес. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины дэд бүтцийг нэмэгдүүлнэ

Одоогоор таван аймагт нарны станц баригдаж байгаа бол ирэх онд дахин 10 нарны станц барихаар төлөвлөжээ.

Мөн цахилгаан автомашинд зориулсан 500 түргэн цэнэглэх ногоон өртөө байгуулах бөгөөд зам дагуу 150 км тутамд нэг ногоон өртөө байгуулахаар төлөвлөсөн байна.

Нарны хавтан, нарны хураагуур болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Ерөнхий сайд дээрх есөн шийдвэрийг “Монголын баялгийг монголчуудад хүргэх нэг зорилготой есөн шийдвэр” хэмээн тодорхойлж, Монголын баялгийг монгол хүнд үр өгөөжтэй байлгахын төлөө ажиллахаа мэдэгдэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!