Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болох “Organization for Security and Co-operation in Europe”-ийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагаа, чиг үүргийн талаар танилцуулга уулзалт боллоо.

Уулзалтад Доктор Кари Жонстөүн болон тус байгууллагын Хүн худалдаалах асуудал хариуцсан тусгай төлөөлөгчид, мөн ХГБХХГ-ын дарга Б. Баярсайхан болон холбогдох мэргэжилтнүүд оролцож санал солилцлоо.

“OSCE”-ийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгж нь хүний наймаа, албадан хөдөлмөр, хүүхдийн мөлжлөг зэрэг хил дамнасан гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, мөн гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Манай улсын хувьд 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт хэрэгт 7 гэмт хэргийн 8 хохирогч бүртгэгдсэн бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Мэргэжилтнүүдийн зүгээс хүний наймааны гэмт хэрэг нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж буйг онцолж, үүнийг бууруулахад олон улсын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо болон мэргэжилтнүүдийн сургалт, чадавх бэхжүүлэх ажиллагаа чухал ач холбогдолтой гэж хэллээ.

