Ерөнхий сайдын ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүчний салбарын цогц реформын хүрээнд эрчим хүчний тогтолцоог ухаалаг системд шилжүүлэх ажлыг онцоллоо.
Эрчим хүчийг хэрхэн ухаалгаар зарцуулах асуудал нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд манай улс ч энэхүү хөгжлийн чиг хандлагыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлж байна.
Ухаалаг хэрэглээг хоёр түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний түвшин нь өрх, иргэн бүрийн хэрэглээтэй холбоотой юм. Иргэд банкны аппликейшн ашиглаж буйтай адил цахилгаан эрчим хүчний өртөг өдрийн аль цагт хямд, аль үед өндөр байгааг бодит цаг хугацаанд харах боломжтой болно. Ингэснээр хэрэглэгчид хоол хийх, цахилгаан хэрэгсэл ажиллуулах зэрэг хэрэглээгээ оновчтой төлөвлөж, өндөр өртөгтэй үед хэмнэлт хийх нөхцөл бүрдэх аж.
Тэрбээр “Хувь хүн хэрэглээгээ зөв зохицуулж чадвал сарын эрчим хүчний төлбөр буурахаас гадна нийт системд ирэх ачаалал ч хөнгөрнө” гэдгийг онцолсон байна.
Харин хоёр дахь түвшин нь эдгээр ухаалаг хэрэглээг нийт системийн хэмжээнд төвлөрсөн буюу мастер удирдлагаар зохицуулах хэлбэр байх ажээ. Ингэснээр эрчим хүчний хэрэглээ, ачааллыг илүү үр ашигтай хуваарилах боломж бүрдэх юм.
Мөн Засгийн газар шинэ эх үүсвэр байгуулах, хөрөнгө оруулалт татахаас гадна эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгааг Б.Булганчимэг онцолж, энэхүү ажлыг Ерөнхий сайд өөрөө манлайлан хэрэгжүүлж байгааг сайшаалаа.

