Gerelnews
Post

Улс төр

2026, 6-р сар 02}

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 21 дугаарын тойм

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн бөгөөд хуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайланг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн сантай байх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийлгэхээр зарласан судалгааны ажлын сонгон шалгаруулалтад төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргахгүй оролцох зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн тус дугаарт Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд болон “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсан. Үүнд: “8.6.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө хүсэлт гаргагч, өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилон ажиллуулж болно.”, “8.7.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэсний зэрэгцээ тус хуулийн холбогдох хэсгүүдэд “Улсын дээд шүүх” гэснийг “Улсын бүртгэлийн байгууллага” гэж өөрчилжээ.

Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар тус хуулийн 14 дүгээр зүйлийг хүчингүй болгосон байна.

“Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналыг нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!