Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 23}

Б.Дамдиндорж: Эмнэлгийн менежментийн V хурлаар эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцыг хэлэлцэж байна

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

АШУҮИС “Эмнэлгийн менежмент” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлаар их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, эмнэлгийн удирдлага, засаглал, санхүүгийн менежментийг боловсронгуй болгох, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байна.


Энэ талаар АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж: Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран эмнэлгийн менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Төслийн хүрээнд АШУҮИС болон Монгол–Японы эмнэлгийн менежментийн баг хамтран ажиллаж, их сургуулийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч байна.

Их сургуулийн эмнэлгийн тогтолцооны гол онцлог нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлдэгт оршдог. Тодруулбал, анагаахын боловсролын бүх түвшний сургалтыг эмнэлзүйн тусламж үйлчилгээ, судалгаатай уялдуулснаар мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм шинжилгээний үр дүнг эмнэлгийн практикт нэвтрүүлэх боломж бүрддэг.

Үүнтэй уялдуулан их сургуулийн эмнэлгийн засаглал, санхүүгийн менежмент, төлөвлөлт, эрсдэлийн удирдлага зэрэг чиглэлээр цогц шинэчлэл хэрэгжүүлж байгааг ректор Б.Дамдиндорж дурдав.

Тэрбээр энэхүү төслийн хэрэгжилт, ололт, туршлагыг бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлага, салбарын мэргэжилтнүүдтэй хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх боломжийг хамтран хэлэлцэх нь хурлын нэг чухал зорилго болохыг тодотгосон юм.

“Эмнэлгийн менежмент” олон улсын V хурал нь эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, ирээдүйн сорилтыг тодорхойлж, тэдгээрийг даван туулах менежментийн оновчтой шийдэл, олон улсын туршлагыг хэлэлцэхэд чиглэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!